Халтарынхан
Балжин өвгөөс улбаатай элэг нэгт ахан дүүсийн ургийн бичиг.
Монголчууд VIII зуунаас овог хэрэглэж, удмаа хойч үедээ уламжлуулж иржээ. Өвөө Халтар 1888 онд төрж, Тунгалагтай гэр бүл болон 1 охин, 3 хүү өсгөсөн. Тэдний удам өнөөдөр долоон үе дамжсан том бүл болжээ.
Ургийн бүрэн түүх · номын удиртгал
Халтарынхны гурван зууны түүх
Монголчууд VIII зууны үеэс овог хэрэглэж ирсэн бөгөөд хүн амын дотор бичиг үсэгтэй хүн цөөн учир өөрсдийн удам угсаагаа ам дамжуулан хойч үедээ захиж үлдээдэг байжээ.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Хан Тайшир уулын аймгийн (одоогийн Архангай аймаг) Ханхөхий, Бадрах, Цагаанхайрхан гэсэн 3 халх сумыг Дөрвөд Далай хан аймагтай нийлүүлэн Увс аймаг болгожээ. Хан хөхий сумыг Өндөрхангай сум, Бадрах сумыг Зүүнхангай сум гэж нэрийг нь өөрчилсөн түүхтэй.
Удам угсаагаа мэдэх нь орчин үеийн хүний өндөр соёл юм. Манайд мартагдаж байсан удам угсаагаа сэргээж мэдэх явдал өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, удам ураг төрлөө мэдэлцэх ажил өрнөж, иргэний бүртгэлд овог бичигдэх болсон билээ.
Овгийн нэр гэдэг нь улс үндэстэн бүрт байдаг бөгөөд нэгэн өвөг дээдсээс гаралтай, ясан төрлийн холбоо бүхий хэсэг бүлэг хүмүүсийн дунд үе улиран нэрлэгддэг нэр ажээ. Өнөө үед хүний нэрийг:
- Нэг нэрийн — зөвхөн өөрийн нэр
- Хоёр нэрийн — овгийн буюу эцгийн нэр + өөрийн нэр
- Гурав нэрийн — овог, эцгийн ба өөрийн нэр
Бидний өвөг дээдсээс өөрөөсөө дээш есөн үеэ сайн мэдэж, нэгэн овгийн хүмүүс ураг барилдах ёсыг цээрлэн ирсэн уламжлалтай бөгөөд угийн ургийн бичиг нь чухал баримт болдог байжээ.
Хусавч үл арилах «Ясан төрөл» (эцэг талын удам), Шавхавч үл ширгэх «Цусан төрөл» (эхийн талын ураг) — өөрөөсөө өмнөх ба дараах 8 үе, өөртэйгээ 9 үе гэж ойлгоно.
Удамших ЭЦЭГ талд
Урагсах ЭХ талд
Өвөө Халтар маань 1888 онд төрсөн бөгөөд эрийн цээнд хүрч Тунгалагтай гэр бүл болж 1 охин, 3 хүү мэндэлжээ. 2024 онд Халтарын хүү Гүндсамбуугийн 100 жилийн ой тохиож байгаа тул энэхүү ураг төрлийн номыг «Халтарынхан гурван зуунд» гэж нэрлэн хойчийг залгамжлагч ахан дүүсдээ зориулав.
Ураг төрөл, ахан дүүс минь он цагийн уртад уул усаа шүтэж, өвөг дээдсээ дурсан, ураг төрлөө мэдэж, удам судраа хүндэлж яваарай.
Өлмий дороос зулай хүртэлх зайг л орчлон гэдэг
Өлгийд унаснаас газарт шингэх хугацааг амьдрал гэдэг
Өөрөөсөө тасарч өрөөлд тэмүүлэх сэтгэлийг хайр гэдэг
Өрцөнд минь ивэлж өвөрт минь эрхлэх энхрийхнийг үр гэдэг
Насаараа тэргүүндээ залах титмийг эцэг гэдэг
Намайг ургуулж надаас хагдрах цэцгийг ижий гэдэг
Налсан өвсний гаслан сэтгэлд шархирахыг жам гэдэг
Найдаж голомтоо үлдээх хүүг минь миний үргэлжлэл гэдэг ээ.
— Бавуугийн Лхагвасүрэн